Алтны худалдааг ил тод болгох тухай хууль хэрэгтэй юу

2013-10-21 08:03:00

 

Монголбанк одоогийн байдлаар ердөө 3.5 тонн алтны нөөцтэй байгаа гэсэн мэдээ бий. Энэ нь цагтаа 25 тонн хүртэлх алтыг хадгалж байсан үетэй харьцуулбал тун хангалтгүй үзүүлэлт юм. Тоон үзүүлэлтийг харахад УИХ-аар 2006 онд батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг мөрдөгдөж эхлэхээс өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд нийт 77 тонн алт олборлож байжээ.

 

Харин уг хууль батлагдаж, хэрэгжсэн дөрвөн жилд нийт 48 тонн болж, 38 хувиар огцом буурсан. Түүнээс гадна алт олборлогчдод татварын дарамт нэмэгдэж, үүнийг даган алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосноо нуух, татвараас зайлсхийж, арилжааны банкинд барьцаалах зэрэг далд худалдаа, наймаа идэвхижсэн юм.

 

Түүнээс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарсан. Жишээлбэл, 2000 онд нэг унци алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд 700, 2008 онд 1000, 2012 онд 1800 ам.доллар болж зургаа дахин өсчээ. Ийнхүү алтны үнэ өсөөд байхад манай улсад алт олборлолт, нөөц буурч байгаа нь татвар, хуулийн орчинтой холбоотой нь гарцаагүй юм. Мэргэжилтнүүд ч ийн дүгнэж байна.

 

Тиймээс цаг алдалгүй алтны худалдааг ил тод болгож, хууль эрх зүйн орчинг тогтворжуулах нь чухал байсан учраас Засгийн газар тусгай ажлын хэсэг томилон хууль боловсруулсан. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг одоогоор УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд эхний хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар түр хойшлуулаад байгаа юм. Уг хуулийн төсөлд олборлосон алтыг худалдан авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монголбанкинд хариуцуулан, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж, алт зуучлагчдын хууль бус далд худалдаа, наймааг зогсооход чиглэсэн зүйл, заалт, зохицуулалтуудыг оруулж өгсөн. Харин уг хуулийн хамгийн шүүмжлэлд өртөөд байгаа нэг зүйл нь нөөц ашиглалтын буюу өсөн нэмэгдэх таван хувийн роялти татварыг 2.5 хувь болгон бууруулах шийдвэр байсан юм. Гэхдээ хууль батлагдвал манай улсын нэг жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна. Алтны худалдааг ил тод болгох тухай хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Энэ асуудалд УИХ-ын зарим гишүүд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өргөн баригдаад байгаа алт олборлолттой холбоотой хуульд алтны нөөц ашиглалтын хувийг бууруулах тухай заалт орсон. Энэ нь таван хувийн роялти татвар төлөхийг 2.5 болгон өөрчлөх тухай байгаа. Ингэж өөрчилж буй үндэслэлээ Оюутолгойн алтыг Монголд оруулж ирэх учраас гэж тайлбарлаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Өөрийнхөө алтыг өөрийн орондоо оруулахын тулд авах ёстой мөнгөө багасгана гэдэг байж болох асуудал мөн үү. Жишээлбэл, ирэх жил “Оюутолгой” л гэхэд 30 орчим тонн алт олборлоно. Алтны одоогийн үнэтэй харьцуулбал бид алтнаас 1.5 тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Түүний таван хувь 75 сая ам.доллар болно. Үүний 2.5 хувь 37 сая ам.доллар. Тэгэхээр бид нийт орлогоос 37 сая ам.долларыг зүгээр л алдаж байна гэсэн үг”.    

 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Алтны үнэ сүүлийн жилүүдэд байнга өсч байна. Тиймээс алтны зах зээлд онцгойлон анхаарах нь зүйтэй. Хэдийгээр олборлолт нь буураагүй боловч Монголбанкинд байгаа нөөцийг авч үзвэл тун чамлалттай байгаа. Цагтаа 25 тонн алтыг авч байсан Монголбанк миний сонссоноор одоо 3.5 тонн алтны нөөцтэй байгаа гэсэн мэдээ бий. Бусад нь хаана байгаа гэхээр шулуухан хэлэхэд хууль бусаар хил давж байгаа гэж хэлж болно. Тиймээс алтыг зөвхөн Монголбанкинд тушаадаг байя, улмаар экспортлох, хянах, гадаад зах зээлд байршуулах бүх эрхийг зөвхөн Монголбанк эзэмшдэг байх нь зөв гэж үзэн, энэ хуульд оруулсан”.

 

УИХ-ын гишүүн Б.Болор “Өнөөгийн нөхцөлд Монгол Улсад уг хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Засч залруулах асуудлыг хэлэлцүүлгийн явцад шийдээд явж болох байх. Уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төслүүдийг хэлэлцээд илүү сайжруулж, амьдралд нийцтэй болгох нь хууль тогтоох байгууллагын үүрэг шүү дээ. Зарим нэг хуулийн төсөл хойшлогдож байна. Уг нь, богино хугацаанд үр дүнтэй хэлэлцээд баталвал зүгээр л дээ”.

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Монголбанк алт худалдаж авах контролоо алдчихсан гэдэг нь тодорхой. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас хойш Монголбанкинд тушаах алтны хэмжээ дөрөв дахин буурсан. Валютын ханшны өөрчлөлт болон бусад асуудал нь алтны нөөцтэй холбоотой. Тиймээс Монгол Улсын хувьд алтны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Жилд маш их хэмжээний алтыг хулгайн замаар алдаж байгаа. Тиймээс Монголбанкинд алт тушаах явдлыгнэмэгдүүлэхийн тулд энэ хуулийг батлах шаардлагатай”.

 

Б.Ням


Нүүр хуудас