Д.Тэрбишдагва: 2200 хоригдол биднийг бүлтийтлээ харж байна

2015-09-15 14:44:56

-Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа-

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Ерөнхийлөгчийн хоригийн талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Гишүүд хоригийг хэлэлцэж, хүлээж авах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ дараагийн ээлжинд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх асуудлаа яаравчлах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.  

 

Түүнчлэн хоригийг хэлэлцэхтэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэх 112 хүний нэр, шалгагдаж буй хэргийн талаарх мэдээллийг үнэн зөв, нээлттэй өгөх хэрэгтэй гэдгийг гишүүн З.Баянсэлэнгэ дахин мэдэгдлээ.

 

З.Баянсэлэнгэ: 114 хүний холбогдогчтой хэрэг өршөөлд хамруулах нь байна шүү гэдгээ ямар үндэслэлтэй гаргаж ирэв. Гал дээр тос нэмсэн шүү дээ. Яагаад хоёр гишүүний нэр хэлж байснаа нэг болчихов. Хамгийн их авилга авдаг газар цагдаа, энгийн хүмүүс 36, төрийн байгууллага 40 гаруй гэнэ. Хохирогч байна уу гэсэн чинь алга. УИХ-ыг доромжилж байгаа байхгүй юу. Ард түмэнд мэдээлэл үнэнээр өг.


Ч.Өнөрбаяр: 4.1-ийн ганц нэг заалтууд дотор албан тушаалтны хэргүүд байгаа.


АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж: Таны Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тавьсан асуултын хүрээнд бид дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгсөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу нууцаар Хуульзүйн байнгын хороонд гаргаж өгсөн.


З.Баянсэлэнгэ: Бид мэдээллийг авах ёстой. 350 тэрбум төгрөг нь 32 тэрбум болчихож. Бас тэд нар, энэ нар л гэнэ. УИХ-ын гишүүдийн нэрсийг яагаад тэр үед зарлачихаагүй юм. Яагаад нэг нь хасагдчихав. Тэр үед энэ 114 хүн ял авна гэж мэдэгдсэн юм бэ. Одоо энэ жагсаалтаас чинь ихэнх нь авлигын асуудал биш байна.

 

 

Ё.Отгонбаяр: Хуулийн зарим зүйл заалтууд, тухайлбал, 148, 150 дугаар зүйл заалтууд дээр хориг тавьсан байна. Энэ ямар учиртай вэ. Цагдаагийнхны шалгаж байгаа хэргийг яагаад хамруулчихав. АТГ-тай холбоотой хэрэг биш байна?

 

Ч.Өнөрбаяр: 148.4 нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг байгаа. Энэ нь нэг талаараа иргэдэд маш их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ төрлийн хэргүүдийг өршөөлд хамруулах шаардлагагүй гэж байгаа юм.

 

Д.Тэрбишдагва: Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэж байх энэ үед биднийг 2200 гаруй хоригдол бүлтийтлээ хүлээгээд сууж байна. Гэтэл үүний нөгөө талд жинхэнэ улсад хохирол учруулсан, том гэмт хэрэг хийсэн “акулууд” чөлөөтэй, жараахайнууд нь хоригдоод байна шүү дээ. Хуулийг УИХ баталсан. Хэрэгжих цаг нь болсон. Гэтэл одоо болтол хэрэгжихгүй байна.

 

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл заалтаар хууль хэрэгжихэд бэлэн болсон байгаа. Хоригийг хэлэлцэж дууссаны дараа хуулийг хэрэгжүүлж эхэлнэ.

 

Д.Лүндээжанцан: Хуулийн байгууллагын ажилд санаа зовж байна. Яллах, цагаатгах талыг яг зэрэг барьж явах хэрэгтэй байна. Ял завшуулдаг эсвэл хэлмэгдүүлдэг тогтолцоо руу яваад байна. Өршөөлийн хууль гаргасан бол өнөөдөртө багтаад маш хурдан шийдмээр байна. Тэнд хүлээж байгаа хүмүүсийг маш хурдан шийдвэрлэх нь чухал байна.

 

Н.Номтойбаяр: АТГ дээр шалгагдаж байгаа болон шалгагдсан гээд 114 хэрэг гэж яриад байгаа. Эдгээрийг шалгахад та бүхэн ямар зардал гаргасан бэ. Эдийн засгийн тооцоо, судалгаа байна уу. Өршөөлийн хууль батлагдахаас өмнө ч бас маш олон хэргийг шалгаж, шийдвэрлэсэн байгаа байх. Тэр бүгд одоо хэрвээ өршөөгдчихөөр татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэг болох юм биш үү?

 

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж: 114 хэрэг дээр эдийн засгийн нарийвчилсан тооцоог гаргаагүй байгаа, ойрын хугацаанд гаргаж танд гаргаж өгье. Байгууллагын жилийн төсвийг хэлэх боломжгүй байна. Утасдаад асууя. 

 

Ө.Энхтүвшин: Хууль гарсан цагаас хойш эсрэг,тэсрэг юм гараад байна. 350 тэрбум төгрөг өршөөгдөх гээд байгаа одоо 32 тэрбум гэж мэдээллүүд нь зөрөөд байна. Хэвлэл мэдээлэл олон нийтийг талцуулаад байна. Саналаа нэгтгээд оруулаад ирж чадахгүй байна. Нэгдүгээрт хоригоо тайван хэлэлцье. Хоёрдугаарт мэдээллийг үнэн зөв өгмөөр байна. 

 

Ч.Хүрэлбаатар: Хууль зөрчсөн бол заавал хариуцлага тооцох ёстой. АТГ гэдэг байгууллагаар МАН-ын нилээн хэдэн хүн шалгагдсан. Энэ байгууллага нь алдаж, онож байгаа ч заавал хууль зөрчсан бол хариуцлага хүлээх ёстой. Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг зүйл байгаа, үүнийг АТГ-аар шалгуулах л хэрэгтэй. АТГ-ыг буруутгаж болохгүй. Хоригийг хүлээж авсан нь дээр.

 

М.Энхболд: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Хаа хаанаа хариуцлагын тухай асуудлыг ярих хэрэгтэй. Ээлжит бус чуулганаар өршөөлийн тухай хуулийг батлахаар зөвлөлдсөн. 40 хоногийн дараа юу яриад сууж байна вэ. Энэ хоригийг хүлээж авах хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлээд, энэ хууль яагаад ийм нөхцөл байдалд хүрснийг ярилцах хэрэгтэй байна.  

 

Гишүүд энэ мэтээр үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны хуралдаан дээр цөөнх болсон гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ нар цөөнх буюу хоригийг дэмжих шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

 

Үүний дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэх байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгаж, гишүүдийн олонхи нь дэмжлээ.

 

М.Мөнхтамир


Нүүр хуудас