• Эхлэл
  • Улс төр
  • УИХ
  • Ардчилсан намынхан “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг үгийг орхив
Ардчилсан намынхан “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг үгийг орхив
2013 оны 7 сарын 9

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож байгаа билээ. Гэтэл Ардчилсан намынхан “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг үгийг мартсан бололтой. Ямартай ч албан ёсны мэдээн дээр дээрх үгийг санаатай, санамсаргүй аль нь боловч орхисон байв. Харин үүнд Ардын намынхан нэлээд бухимдалтай хандсан юм. Учир нь энэ бол Монгол Улсын түүх. Ардын хувьсгал ялаад хэдийнэ 92 жилийн нүүр үзлээ. Үүнийгээ орхиж, мартана гэж байж болохгүй гэлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Болор нарын зэрэг гишүүдийн санаачлан өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан асуудлыг хэлэлцэв. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй бол улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгоно. Улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох, түүнчлэн улсын далай аварга цолыг хасан шинэ дүрмээр бөхийн барилдаан болох байлаа. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ардын намынхны олж харсан шүүмжлэл бол “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг үгийг орхигдуулсан явдал байлаа. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд хэлэхдээ “Эх орноо дээдэлдэг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг яагаад авчихаж байгаа юм бэ. Ардчилсан намынхан энэ асуудалд улстөржих үүднээс хандаагүй гэсэн. Бид ч тэгээгүй гэж бодож байна. Ер нь тусгаар тогтнолоороо улстөржиж болохгүй. Бид энэ асуудалд хатуу хандана” гэлээ. Харин Ө.Энхтүвшин гишүүн “Д.Эрдэнэбат дарга үг, үсгийн талаар маргаад байх хэрэггүй гэх юм. Үг, үсгэндээ байгаа юм биш шүү. Засгийн газар баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй байна. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам биш юм шиг оруулж ирж байна. Тиймээс Засгийн газар үүнд тайлбар өгөх ёстой. Үүнийг хамгаалаад байгаа учир Ардчилсан намынхан энэ асуудалд холбоотой гэсэн үг. Тэгэхээр хэн ийм бичиг оруулж ирэв гэдэгт хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөө оройн дотор багтаж Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам гэж оруулах ёстой. Урилга дээрх үгийг засаж болохгүй юм аа гэхэд баяр наадмын мэндчилгээтэй самбар дээрх үгийг засах хэрэгтэй. Энэ бол түүхээ доромжилсон, гутаасан үйлдэл болж байна” гэв. Ямартай ч Ардын намынхан энэ алдаагаа засахыг Ардчилсан намынхнаас шаардлаа. Учир нь тэд төр барьж байгаа. Тийм ч учраас тэдэнд хаяглаж хандахаас өөр арга үгүй биз ээ. Түүхээрээ оролдож, орхигдуулж улс төр хийж болохгүй гэдэгтэй Ардчилсан намын гишүүд ч санал нийлж байлаа.

 

Ц.Энхцэцэг

...